ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА БОЛОХ ШАТ ДАРААЛАЛ

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

18 дугаар зүйл. Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

18.1.Гэрчилгээ олгох үйл ажиллагааг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/-аас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.

18.2.Гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа компанид олгож болно.

18.3.Хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. 

19 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих ерөнхий шаардлага

19.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах нөхцөлийг хангасан байна:

19.1.1.өөрийн гэрчилгээжүүлэх бодлого, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг олон улсын стандартын дагуу боловсруулж, баталсан байх;

19.1.2.төрийн захиргааны байгууллагаас тогтоосон санхүүгийн, хүний нөөцийн, техникийн, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байх.

20 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

20.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч өргөдөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Харилцаа холбооны тухай хуулийн 13.2.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

20.1.1.гэрчилгээжүүлэх бодлого;

20.1.2.гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журам.

21 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл олгох

21.1.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл хүссэн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгож болно.

21.2.Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна:

21.2.1.өргөдлийг бүртгэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан

этгээдэд өгөх;

21.2.2.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

21.2.3.хүсэлт гаргагч нь энэ хуулийн 19.1-д заасан нөхцөлийг хангасан эсэхийг биечлэн шалгасны үндсэн дээр тухайн нөхцөлийг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгож болох тухай мэдэгдлийг өгөх;

21.2.4.мэдэгдэл хүлээн авсан этгээд хариуцлагын даатгалд даатгуулж, холбогдох материалыг ирүүлсний дараа тусгай зөвшөөрлийг олгох.

21.3.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж бичгээр буюу цахим шуудангаар хариу өгнө.

21.4.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлнэ.

21.5.Энэ хуулийн 21.2.4-т заасан хариуцлагын даатгалын үнэлгээний доод хэмжээг төрийн захиргааны байгууллага тогтооно.

22 дугаар зүйл.Хураамж

22.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд[5] заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлнө.

23 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа

23.1.Тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаагаар олгоно.

24 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

24.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

24.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

24.2.1.тусгай зөвшөөрлийн хуулбар;

24.2.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

24.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг сунгах, эсэх тухай шийдвэр гаргана.

24.4.Тусгай зөвшөөрлийг дөрвөн жилийн хугацаагаар сунгана.

24.5.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд холбогдох тэмдэглэл хийнэ

24.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрчилгээ эзэмшигчид энэ тухай мэдэгдэнэ.

25 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

25.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу түдгэлзүүлнэ.

26 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглох

26.1.Тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т зааснаар худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно.

27 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

27.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

27.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

27.1.2.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь

тогтоогдсон;

27.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой

зөрчсөн;

27.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

27.1.5.хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задруулсан.

27.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-т заасан журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан цахим хуудсаар нийтэд мэдээлэх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэлийг тодорхой заана.

27.3.Энэ хуулийн 27.2-т заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. 

27.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 27.3-т заасан нотлох баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох бөгөөд үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

27.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 27.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

28 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл

28.1.Тусгай зөвшөөрөл дараах үндэслэлээр дуусгавар болно:

28.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;

28.1.2.төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй

болгосон.

28.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл дуусгавар болоход тусгай зөвшөөрлийг үүсгэн хадгалж байгаа тоон гарын үсгийн мэдээллийн сангийн хамт төрийн захиргааны байгууллагад өгнө.

28.3.Энэ хуулийн 28.2-т заасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдийн үүсгэн хадгалж байгаа тоон гарын үсгийн мэдээллийн санг гэрээний үндсэн дээр өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлнэ.

28.4.Энэ хуулийн 28.3-т заасан тохиолдолд тоон гарын үсэг эзэмшигчийн эзэмшиж байгаа гэрчилгээний хугацаа, нөхцөл хэвээр хадгалагдана.

29 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

29.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:

29.1.1.гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

29.1.2.төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу гэрчилгээ олгох үйлчилгээний хөлсийг тогтоох;

29.1.3.хэрэглэгчийн хүсэлтээр нийтийн түлхүүр үүсгэх;

29.1.4.бүртгэлийн нэгж байгуулан ажиллуулах, бусад этгээдээр гэрээний дагуу бүртгэлийн нэгжийн үүргийг гүйцэтгүүлэх;

29.1.5.иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаар нь энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээллийг шалгах;

29.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

29.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:

29.2.1.өөрийн байгууллагын эзэмшиж байгаа хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;

29.2.2.төрийн захиргааны байгууллагаас тогтоосон техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулах;

29.2.3.гэрчилгээтэй холбоотой бүртгэл хөтлөх, гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх;

29.2.4.төрийн захиргааны байгууллага, улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

29.2.5.төрийн захиргааны байгууллагаас шаардсаны дагуу гэрчилгээний бүртгэл, хяналтын талаарх үнэн, бодит мэдээлэл өгөх; 

29.2.6.тусгай зөвшөөрөл болон түүнийг авахад бүрдүүлсэн материалд заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар ажлын гурван өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэх;

29.2.7.гэрчилгээний мэдээллийн үнэн, бүрэн байдалд ноцтой нөлөөлж болох хүчин зүйлсийн талаар гэрчилгээ эзэмшигчид бүртгэлийн нэгжээр дамжуулан мэдэгдэх;

29.2.8.гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

29.2.9.олон улсын стандартад нийцсэн тоон гарын үсгийн хэрэгсэл, аюулгүй, найдвартай, дэвшилтэт технологи ашиглах;

29.2.10.үйл ажиллагаандаа хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөх;

29.2.11.тоон гарын үсэг эзэмшигчийн хувь хүний нууцыг задруулахгүй, гэрчилгээнд зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахгүй байх;

29.2.12.энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг өөрийн цахим хуудсанд байрлуулан тогтмол шинэчлэх;

29.2.13.гэрчилгээг энэ хуульд заасан журмын дагуу шалгах боломж бүрдүүлэх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуурамч гэрчилгээ олгохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах;

29.2.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

29.3.Энэ хуулийн 29.2.12-т заасан “тогтмол шинэчлэх” гэдгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахим хуудсанд байрлуулах энэ хуулийн 9.1-д заасан мэдээллийг долоо хоног тутам нэгээс доошгүй удаа буюу шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчлэхийг ойлгоно. 

30 дугаар зүйл.Бүртгэлийн нэгж

30.1.Энэ хуулийн 29.1.4-т заасан бүртгэлийн нэгж нь дараах үүрэг хүлээнэ:

30.1.1.хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгөх;

30.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон тоон гарын үсгийн хэрэгслийг ашиглах;

30.1.3.хэрэглэгчийн мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулахдаа нийтийн түлхүүрийг хуулбарлаж авахгүй байх.

31 дүгээр зүйл.Гэрчилгээтэй холбогдох бүртгэл хөтлөх

31.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрчилгээ олгох үйл ажиллагааны талаархи мэдээллийг бүрдүүлэх, шалгах боломжийг хангах зорилгоор гэрчилгээтэй холбогдох бүртгэл /цаашид “бүртгэл” гэх/ хөтөлнө.

31.2. Бүртгэлд дараах мэдээллийг тусгана:

31.2.1.гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;

31.2.2.цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийг биелүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор авсан арга хэмжээний тухай;

31.2.3.энэ хуулийн 10.2-т заасны дагуу энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгасан тухай;

31.2.4.энэ хуулийн 10.3-т заасан зүйлийг энэ хуулийн 10.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд тайлбарлаж таниулсан тухай;

31.2.5.бусад.

32 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглох зүйл

32.1.Гэрчилгээ эзэмшигч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хориглоно:

32.1.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

32.1.2.төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны улсын байцаагч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;

32.1.3.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, прокурорын зөвшөөрөлтэй.