МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СУУРЬ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

“Монгол улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага” (Mongolian national root CA) гэж Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд байгуулагдаж, зохих дэд бүтцээр хангагдсан, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх байгууллагын нийтийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх, анхдагч бөгөөд өөрийгөө баталгаажуулах эрх бүхий цорын ганц гэрчилгээжүүлэх байгууллагыг хэлнэ.

Монгол улсын цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлд

  • Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн МУҮСГБ нь төрийн эзэмшилд байх ба цахим орчинд https://www.esign.gov.mn хаягаар үйл ажиллагаа явуулна.
  • МУҮСГБ –ын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг “Үндэсний Дата Төв” УТҮГ хариуцна.
  • МУҮСГБ болон гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч этгээд нь нийтийн түлхүүрийн дэд бүтийг ашиглахтай холбогдсон нийтлэг дүрэм, журмуудад үндэслэн өөрийн гэрчилгээжүүлэх бодлого ба гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг боловсруулж батална.
  • МУҮСГБ нь Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоон гарын үсгийн гэрчилгээг олгоно.
  • Бүртгэлийн нэгжийн үүргийг бусад этгээдээр гүйцэтгүүлэх тохиолдолд зөвхөн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ.
  • Гадаад улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагаатай үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааг нийцүүлэх чиглэлээр гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үүргийг МУҮСГБ гүйцэтгэнэ.
  • Төр өөрийн үйл ажиллагаанд зориулан гэрчилгээжүүлэх байгууллага байгуулж болох ба уг гэрчилгээжүүлэх байгууллага нь “Үндэсний Дата Төв” УТҮГ –ын дэргэд байна.